Монгол-Оросын хил
From Wikipedia, the free encyclopedia
Монгол-Оросын хил — Монгол, Орос хоёр улсын нутаг дэвсгэрийг заагласан 3485 км зурвас газар.
Монгол улсын хувьд Хятад, Орос хоёр хөрштэй байдгын арай богино 3543 км хилтэй нь Орос улстай байна. Орос улс 14 улс оронтой хил залгадагаас Казахстан, Хятадын дараа Монгол улстай гуравдугаарт орох урт хилтэй юм.
Орчин цагийн хил үндсэндээ 1911 оноос тогтсон. Манж Чин улс мөхөж Монгол улс тусгаар тогтнож, Тува тусгаар нэртэй боловч Хаант Оросын ивээлд ороод 1944 онд ЗХУ-д нэгджээ.
Монгол, Оросын хил нь Монгол улс Манж чин улсад дагаар орсны дараа Хаант Орос улс, Манжийн хооронд байгуулсан 1689 оны Нерчүүгийн хилийн гэрээ, 1727 оны Буурийн гэрээ, Хиагтын гэрээ, 1864 оны Тарвагатайн протокол, 1881 оны Санкт-Петербургийн гэрээгээр анх үүсгэн тогтоогдсон. Энэхүү тогтоосон хилийг баримтлан Монгол улсын хойд хил нь БНМАУ, ЗСБНХУ (хуучин нэрээр)-ын хооронд байгуулсан 1958, 1976 оны “БНМАУ ба ЗХУ-ын хоорондын Улсын хилийн тухай” гэрээнүүдээр шинэчлэн тодотгож тогтоосон бөгөөд хилийн шугамыг бодит газар дээр нь тогтоон тэмдэглэх ажлыг БНМАУ, ЗСБНХУ-ын хоорондхи монгол-зөвлөлтийн улсын хилийн тухай 1958 оны Гэрээ ба 1959-1960 онд хилийг газар дээр нь тогтоон тэмдэглэсэн баримт бичгийн дагуу Асгатын давааны хярын хойд өндрийн оройгоос эхлэн зүүн тийш Монгол Шарын давааны зүүн өндрийн орой хүртэл 1305 км хилийн шугамаар 332 овоо тэмдэг босгож бүрэн тодорхойлолтын зураглалтай хил тогтоогдон батлагджээ. 1977-1979 оны улсын хилийн анх удаагийн хамтарсан шалгалтыг 1987-1996 онд хийж дуусгасан байна.
Монгол, Зөвлөлтийн хооронд 1976 онд Монгол Шарын давааны зүүн өндрөөс эхлэн зүүн тийш Тарваган дахын хилийн овооны 645 тоот хүртэл байгаа 1727 оны "Буурын гэрээ"-гээр тогтоогдсон зүүн хэсгийн 1890 км хил, Асгатын даваанаас эхлэн баруун тийш Алтай таван богд уул хүртэл байгаа 1864 оны Тарвагатай хотын хилийн гэрээгээр тогтоогдсон баруун хэсгийн 290 км хил эдгээр бүгд 2180 км хилийг тодотгон тогтоох хэлэлцээ хийгдэж, хилийн гэрээ байгуулагдсан юм.
1991 онд ЗХУ бутрахад Монгол улстай хиллэх хэсгийг ОХУ өвлөн авсан. Монгол Улс нь ОХУ-ын 4 субьекттэй хил залгадаг: Бүгд Найрамдах Алтай Улс, Бүгд Найрамдах Тува Улс, Бүгд Найрамдах Буриад Улс, Өвөр Байгалын хязгаар.
Хил хамгаалах байгууллага нь 1996 оноос БХЯ-ны харьяа Засгийн газрын тохируулагч агентлаг, 2000 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд шилжиж Засгийн газрын тохируулагч агентлаг-Хилийн цэргийг удирдах газар нэртэйгээр тус тус ажиллаж ирсэн бөгөөд 2002 оноос Засгийн газрын тохируулагч агентлаг-Хил хамгаалах ерөнхий газар нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улс, Оросын Холбооны Улс хооронд 2006 оны 12 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан “Монгол-Оросын улсын хилийн дэглэмийн тухай“ гэрээг Засгийн газрын өргөн мэдүүлснээр 2007 оны 10 дугаар сарын 4-нд УИХ-аар соёрхон баталсан байна.