Эх код
From Wikipedia, the free encyclopedia
Эх код (бас эх текст заримдаа шууд код; Англи: Source code) гэдэг нь ямарваа программчлалын хэл дээр бичигдсэн, хүний уншиж чадах, компьютерын программын гүйцэтгэх зааврыг хэлнэ. Эх код нь дотроо кодыг жирийн хүний хэл дээр тайлбарласан комментийн хэсгийг агуулж болно. Программын ажиллагааг программист зааж өгөхдөө эх кодыг бичдэг. Эх кодыг ихэвчлэн компьютер шууд ойлгохгүй бөгөөд компайлер ашиглан үүнийг машин код руу хувиргадаг. Энэхүү машин кодыг шууд ажиллуулах боломжтой бөгөөд executable (exe) хэлбэртэй байдаг. Нөгөө талаас зарим програмчлалын хэл дээр бичигдсэн кодыг компайлер ашиглахгүйгээр мөр мөрөөр нь интерпретер ашиглан шууд ажиллуулах боломжтой байдаг. Ийм хэлний нэг жишээ нь Python юм.
Ихэнх программ хангамж нь эх кодгүйгээрээ зарагдаж түгээгддэг. Нээлттэй эхийн программ хангамж нь программын эх кодыг нээлттэй лицензтэйгээр түгээгддэг бөгөөд давуу тал нь хэн ч хамаагүй, зөвшөөрөл авах шаардлагагүйгээр эх кодыг судалж, өөрчилж, цаашаа түгээх боломжтой байдаг.
Эх кодын хэсгүүдийг мөн ном, сурах бичгүүдэд тавьсан байдаг бөгөөд энэ нь программын ерөнхий алгоритмыг тайлбарлах зорилготой байдаг.